ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

A- A A+
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Дархан-Уул аймгийн прокурорын газраас 2026 оны III улирлын байдлаар 1,015 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурчээ. Энэ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнг харуулж байна.

Тус прокурорын газраас 2026 он гарснаас хойш 435 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас иргэдэд учирсан 375 сая төгрөг, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 66.7 сая төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлүүлсэн байна.

Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн нийт хэргээс залилах, хулгайлах, хүний эрүүл мэндэд халдах, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг зонхилон үйлдэгдсэн байна.

Түүнчлэн цахим сүлжээ, цахим хэрэгсэл ашиглан бусдыг залилах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байна.

Тиймээс тус прокурорын газраас зонхилон үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил нь зөвхөн хуулийн байгууллагын үүрэг биш бөгөөд иргэн, аж ахуйн нэгж бүрийн оролцоо, сонор сэрэмж, хууль эрхзүйн мэдлэг ойлголтоой холбоотой юм.