ХӨРӨНГӨ БИТҮҮМЖЛЭХ АЖИЛЛАГААНД ХОХИРОЛ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ЭРХ, ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН ӨМЧЛӨХ ЭРХИЙН ТАЛААР СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ

A- A A+
ХӨРӨНГӨ БИТҮҮМЖЛЭХ АЖИЛЛАГААНД ХОХИРОЛ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ЭРХ, ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН ӨМЧЛӨХ ЭРХИЙН ТАЛААР СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ

Дархан-Уул аймгийн прокурорын газраас 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хангуулах” зорилгоор аймгийн Цагдаагийн газрын алба хаагчидтай мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэдийн өмчлөх эрхийг хамгаалах болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шуурхай нөхөн төлүүлэх тулгамдсан асуудлын хүрээнд хэлэлцүүлэг хийлээ.

Тус хэлэлцүүлэгт аймгийн прокурорын газраас 2026 оны эхний 5 сарын байдлаар хөрөнгө хамгаалах ажиллагааны талаарх тоон үзүүлэлтийг танилцуулж, мөн “Хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд хохирол нөхөн төлүүлэх эрх ба гуравдагч этгээдийн өмчлөх эрх” сэдвээр мэдээлэл хийлээ.

Хэлэлцүүлгийн үр дүнд мөрдөн шалгах болон прокурорын байгууллагаас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээг бодитой тогтоож, хохирлыг нөхөн төлүүлэх, иргэний нэхэмжлэлийг хангах, түүнчлэн хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураан авах зорилгоор хөрөнгө битүүмжлэх ажиллагааг шуурхай явуулах, тогтоогдсон дүнгээс илүүгүй хэмжээгээр хөрөнгийг битүүмжлэх, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, битүүмжлэх хөрөнгө нь яллагдагчийн өмчлөлд байгаа эсэхийг бодитой тогтоож гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөс сэргийлэх зэргээр хүний эрхийг хамгаалж ажиллахаар нэгдсэн шийдэлд хүрлээ.