Дархан-Уул аймгийн прокурорын газраас санаачлан тодорхой төрлийн гэмт хэргийг шийдвэрлэхэд мөрдөн шалгах ажиллагааны анхаарах асуудал болон харилцан туршлага солилцох зорилгоор Орхон, Сэлэнгэ аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал, Сайхан сум дахь сум дундын прокурорын газар, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн Цагдаагийн газрын удирдлага, мөрдөгч нар оролцуулан прокурор, мөрдөгч нарын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнөөр мөрдөн шалгах ажиллагааны явцад анхаарах асуудлын талаар болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан сүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон...” гэмт хэргийг шийдвэрлэж буй шүүхийн практикийн талаар мэдээлэл хийлээ.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг хангах ажиллаж байгаа сайн туршлагаасаа хуваалцаж, мэдээлэл солилцов. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар “Дүрс харж ярих боломжтой технологи, мэдээллийн хэрэгсэл ашиглан мэдүүлгийг авч болно” гэж заасны дагуу мэдүүлэг авах ажиллагаанд цахим хэрэгсэл нэвтрүүлэн ашиглаж эхэлжээ. Дархан-Уул аймгийн прокурорын газрын прокурорууд мэдүүлэг авах ажиллагаанд цахимаар оролцож хэвшсэн нь эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах зэрэг хүний эрх ноцтойгоор зөрчигдөх, мөрдөгч мэдүүлгийг тулгаж буюу хөтөлж авахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой арга хэмжээ болжээ.
Прокуророос тодорхой төрлийн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад анхаарах асуудлын талаар богино хэмжээний видео сургалтуудыг хийж, мөрдөгч нарын ажлын цаг хугацааг хэмнэхийн зэрэгцээ хуульд заасан зарим мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар