Дархан-Уул аймгийн прокурорын газраас хүүхэд хохирсон гэмт хэргийн шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийг 2021 оны байдлаар судалсан байна. Энэ талаар тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадамтай ярилцлаа.
ЖИЛИЙН ХУГАЦААНД 23 ХҮҮХДИЙГ ХОХИРОГЧООР ТОГТООСОН
Дархан-Уул аймагт хүүхдийн эсрэг болон хүүхэд хохирсон гэмт хэргийн нөхцөл байдал, шийдвэрлэлт ямар байна вэ? -Дархан-Уул аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээнд 2021 оны байдлаар гэмт хэргийн улмаас хүүхдийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөж, хохирогчоор тогтоогдсон байдал, гэмт хэргийн хохирогч болж байгаа шалтгаан, нөхцөл, тэдэнд учирсан хор уршиг, хохирол төлбөрийг барагдуулж байгаа эсэх зэргийг судалсан.
Судалгааны зорилго нь гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн эрхийг хамгаалахад төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх,
хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, зөрчигдсөн эрхийг илрүүлэх, сэргээх, хүүхдийн эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх юм.
2021 онд хүүхдийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн нийт 55 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласан байна. Үүнээс 27 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 7 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 20 гомдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл, хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Мөн 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
-Хүүхдүүд ихэвчлэн ямар төрлийн гэмт хэргийн улмаас хохирогч болж байна вэ? Хүүхдийн сэтгэл заслын эмчилгээний зардал, сэтгэл зүйн хохирлыг хэрхэн гаргаж байна вэ? -2021 онд мөрдөн байцаалтын 20 хэрэгт 23 хүүхдийг хохирогчоор тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Гэмт хэргийн зүйлчлэлээр нь авч үзэхэд Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 8, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 9, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 3, Өмчлөх эрхийн эсрэг 3 хэрэгт 23 хүүхдийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж хохирогчоор тогтоогдсон бол хохирогчийн нас, хүйсийн байдлыг авч үзвэл 2-8 насны 5, 9-13 насны 8, 14-17 насны 10 хүүхэд байгаагаас эмэгтэй 14, эрэгтэй 9 хүүхдийн хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн байна.
Орон нутагт хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болох тохиолдол өсөж байна.
Тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүчиндэх гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн сэтгэл заслын эмчилгээний зардал, сэтгэл зүйн хохиролд 2021 онд 18 сая төгрөгийг гаргуулсан. Өөрөөр хэлбэл, өмнөх онтой харьцуулахад 66.2 хувиар өссөн дүнтэй байна.
-Хүүхдийн эрх ашиг зөрчигдөж, гэмт хэргийн хохирогч болж байгаа нь юутай холбоотой вэ? Шалтгаан нөхцөл нь юу байв? -Хүүхдийн эрх, ашиг зөрчигдөж, гэмт хэргийн хохирогчоор тогтоогдож байгаа шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийхэд гэр бүлийн орчин буюу эцэг, эх төрөл садан, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зүгээс хүүхдийг өсгөж, хүмүүжүүлэх үүргээ биелүүлдэггүй. Мөн хуулиар хүлээсэн үүргээ сахин биелүүлэх талаар эрх зүйн мэдлэг, мэдээлэл дутмаг, хувь хүний боловсролын байдал, амьжиргааны төвшин доогуур байдал, гэр бүл салалт, ахуйн хүрээнд архидах, сургуулийн орчинд гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлдэггүй зэрэг нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Мөн аймаг орон нутгийн хэмжээнд хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болох тохиолдол өсөж байна. Түүнчлэн хохирогч болсон хүүхдүүд бие махбод, сэтгэл санааны хүнд хохиролд өртөөд төрийн байгууллагаас сэтгэл заслын болон ямар нэгэн эмчилгээ үйлчилгээ авах, эд хөрөнгийн хохирлоо гэмт этгээдүүдээр нөхөн төлүүлэх эрхээ эдэлж чадахгүй үлдэж буй бодит хор уршиг учирч байгаа.
Иймд орон нутгийн төрийн захиргаа, хууль хяналтын байгууллагуудаас онцгой анхаарч, насанд хүрээгүй этгээдүүдийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөхөөс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагуудын ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх, хуулийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах шаардлага бий болсон байна.
-Урьдчилан сэргийлэх зорилгоор ямар ажил, арга хэмжээ явуулж байна вэ? -Аймаг, орон нутгийн хэмжээнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож буй албан тушаалтны хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургалтуудыг зохион байгуулж байна.
Мөн хүүхэд хамгааллын чиглэлээр төрийн үйлчилгээ үзүүлж буй мэргэжлийн байгууллага, эрх бүхий албан тушаалтны зүгээс хүүхэд хамгааллын үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй болгох, хууль тогтоомжийг таниулан сурталчлах, хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлж байгаа.
Дархан-Уул аймаг 2022 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан төрийн болон төрийн бус байгууллага, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран үе шаттай ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.
Эх сурвалж: www.gogo.mn /2022.05.10/
Улсын Ерөнхий Прокурорын Газар